Би юунд дуртай гээч,
Хүйтэн шар айраг, хатуу тамхи, хүүхэлдэйн кино.
Би юунд дургүй гээч,
Хөндүүр инээмсэглэл, хямдхан сэтгэл, хуурамч хүмүүс.
Би юуг дурсахыг хүсдэг гээч,
Хоолойн өнгө, хөхрөх инээд, хөлчүү төрх.
Би юуг мартахыг хүсдэг гээч,
Хэн байсныг чинь.
Миний сэтгэлийг үү?
Та нар ойлгохгүй ээ.
Хэр өвддөгийг нь үү?
Та нар тэсэхгүй ээ.
Надад юу ч үлдсэнгүй
Чамайг гэсэн сэтгэл
Чамайг гэсэн хайр
Чамайг гэсэн итгэл
Надад юу ч үлдсэнгүй.
Өө, үгүй
Нэг л зүйл үлдэж
Чиний орхисон шаналан.
Хүн болгон үнэхээр ямар нэгэн үүрэгтэй, зориулалттай "ирдэг" бол яахав? Тэр нь юу ч байж болно. Зарим нэг нь хэн нэгний амийг аврахын төлөө ирж байхад зарим нь ганц мод суулгах ёстойгоос ирсэн байж болох. Эсвэл хэн нэгний хүүхдийг төрүүлэх үүрэгтэйгээр ч юмуу. Гэхдээ хэн нь ч тэрийгээ мэдэхгүй. Бас, тэрийгээ биелүүлээгүй л бол зуун жил өнгөрсөн ч үхэж өгөхгүй, хийх ёстой зүйлээ хийж байж л үхэх. Тэрнийгээ эрт хийчихсэн бол залуугаараа ч хамаагүй яваад өгнө. Гэхдээ гол нь, өөрийнхөө энд ирсэн үүргийг хэн ч мэдэхгүй. Тиймээс яг юуг хийх ёстойгоо ойлгохгүй. Магадгүй ойлгохоор ухаан суутлаа хөгширдөг байх. Тэгээд л хүн хөгширч үхдэг ч байж болох. Яах гэж ирснийг нь ойлгуулах ямар ч дохиог амьдрал өгдөггүй. "Утга учраа өөрөө ол" гэсэн зарчимтай. Тэгвэл хэрвээ ийм байдаг юм бол гээд бодвол, яагаад жижигхэн хүүхдүүд үхдэг вэ? Магадгүй тэд нэг тоглоом эвдэлж, эсвэл нэг мөчир хугалахын төлөө ирсэн байна гэж байх уу? Эсвэл, хэн нэгнийг сэтгэлийн шаналанд унагахын тулд ирдэг юм болов уу? Хэрвээ тийм бол, биднийг нааш нь ирүүлээд байгаа нөхөр их л өс санадаг "хүн" байж таарах нь. "Бурхан магадгүй цусанд дуртай ч юм билүү" гэж. Бүүр эсвэл, бүх юм аймар энгийн. Ийм ядаргаатай олон утга учир гэж юу ч байхгүй, зүгээр л, чи нэг өдөр санамсаргүйгээр, өөрөө ч мэдэлгүйгээр нэг шоргоолжийг гишгээд алчихдаг шиг юм болов уу? Тэрний хэр сайн, хэр ажилсаг шоргоолж байсан нь чамд ямар ч хамаагүй, бүр, чи тийм шоргоолж гишгэж байгаагаа ч мэдэхгүйгээр гишгээд алчихдаг шиг юм болов уу? Мэдэхгүй.
Дурсамжийг өөрчилж болдог болов уу,
Дуугүйхэн уйлах дүрээ
Дуутай инээмсэглэлээр солимоор.