Тэнд юу ч байгаагүй.
Тэмцэх итгэл,
Тэвчих хүсэл,
Тэврүүлэх шунал.
Тэнд юу ч байгаагүй,
Тэр сэтгэлд.
Олон жил махны бараа хараагүй араатанд
Одоо ч надад хэрэгтэй биш дээ гээд зүрхнээсээ хэсгийг өгөв.
Олзонд шунасан араатан маань харин
Олдсон дээр нь гээд биеийг минь хүртэл идчихэв.

Тэр олон жил тольгүй амьдарсан. Нэг л өдөр яагаад ч юм өөрт нэг их ач холбогдол байгаагүй толийг худалдан авсан. Шинэхэн толиныхоо дэргэдүүр өнгөрөх бүрийдээ л тольдоно. Нэг удаа хартал, толин доторх тэр бүжиглэж байсан. Дараагийн удаад, тэрээр нэг залууд тэврүүлсэн харагдсан. Бас нэг удаа, тэр баглаа цэцэг барин зогссон. Харин дараагийн удаад, нүднийх нь будаг нулимстай холилдон урссан байхыг харсан. Тэгэхэд л тэр, яагаад энэ олон жилүүдэд тольгүй амьдарснаа санасан. Урьд нь яг ийм төрхийг харж байсан учраас. Тэгээд тэр толио хага цохисон. Гэхдээ магадгүй, дахиад хэдэн жилийн дараа тэр ахиад л толь худалдаж авах байх. 
Бүсгүй үхэхээр сэтгэл шулуудан гүүрний ирмэг дээр зогсоно. Амьдрал түүнд хэтэрхий шударга бус хандсан санагдана. Тэр хүссэндээ махлаг, царай муутай төрөөгүй. Ер нь тэр өөрөө хүссэндээ ч төрөөгүй. Хайрласан залуу нь түүнийг царайлаг, гуалиг хүүхнээр солихыг ч тэр хүсээгүй. Тэр царайлаг, гуалиг хүүхэн ч хүссэндээ төрөөгүй байх. Бас тэр хүүхэн хүссэндээ ч түүний найз залуугийн хайрыг татаагүй байх. "Байх" л даа. Тэр зүгээр л хэнд ч бурууг өгөхгүй юмсан гэсэндээ л ингэж өөрийгөө тайвшруулж байгаа юм. Бас, түүний хайрт залуу гуалиг, царайлаг хүүхэнд дуртай төрсөн нь ч тэрний буруу биш байх. Ерөөс тэр хэнд ч бурууг өгөх гээгүй. Хорвоод хэн ч өөрийн гэсэн сонголт хийж чаддаггүй, цаанаас өгөгдсөн өгөгдлийн л дагуу явдаг болохоор. Ямар ч сонголтгүй хорвоод, ямар ч сонголтгүйгээр төрчихсөн тэр ядаж өөрийн үхлээ өөрөө сонгохоор зогсож байгаа нь энэ.

Гэнэт хажууд нь хэн нэгэн ханиах сонсогдов. 40 гаран насны эрэгтэй түүний дэргэд юу ч болоогүй шинжтэй тамхи татан зогсоно. Бүсгүй эхлээд түүнийг, өөрийг нь үсрэхийг болиулахаар ирлээ гэж бодов. Гэвч тэр эрийн царайд ямар ч тийм төрх харагдсангүй. Тэр зүгээр л тамхилж байв. 

- Үсрэх гэж байна уу?
- ...
- Эндээс маш олон хүн үсэрч байхыг би харсан.
- ...
- Гэхдээ тэдний хэн нь ч чам шиг ийм залуухан, бас ийм царайлаг байгаагүй.
- ...
- Ихэнх нь бүтэлгүй хайр дурлалаас болж эндээс үсэрдэг. Гэхдээ чам шиг ийм сайхан бүсгүйд тийм асуудал тохиолдсон гэж бодохгүй байна.
- ...
- Хэрвээ чи хэн нэг залуугаас болж эндээс явах гэж байгаа бол би чиний өмнөөс харамсаж байна. Учир нь, чам шиг ийм бүсгүйг гомдоож чадаж байгаа эрэгтэй бол эргүү амьтан байхаас гарцаагүй. Тийм эргүү эрийн төлөө чи бүхэл бүтэн амиа золиход бэлэн байна гэжүү? Ердөө л нэг тэнэгийн төлөө шүү дээ?
- ...
- Унаж явахдаа харамсав даа гэж би эндээс үсрэх гэж байгаа хүн болгонд хэлдэг. Хэн ч чиний амины үнэд хүрэх үнэтэй байдаггүй юм шүү.

Татаж дууссан тамхиа хаячихаад өнөөх эр цааш эргэв. Бүсгүй хэсэг эргэлзэн зогсоод, гүүрний хашлагыг даван зам руу гарав. Харин өнөөх эр түүний хөлийн чимээ холдон одохыг чагнан зогсож байгаад, халааснаасаа хараагүй хүний таягаа гарган сунгаад, газар тогшин одов.
Надад хайрлагдах амархан,
Цагаа олсон ганц үг л хангалттай.
Надад мартагдах бүр амархан,
Цагаа олоогүй ганц авиа л хангалттай.
Түүнийг төрөхөд өмнө нь хоёр л сонголт байв:
-          - Мөнх амьдрахгүй, тэр хугацаандаа хайр сэтгэлээс болж сэтгэлийн шаналанд унаж явсаар үхэх.
-         -  Мөнх амьдарна, гэхдээ хайр сэтгэл гээчийг хэзээ ч мэдрэхгүй.

“Мэдээж” тэр 2 дахийг сонгосон. Тэгээд төд удалгүй амиа хорлохыг хүссэн. Гэвч тэр “мөнхийн” амьдралыг сонгочихсон.
Миний биш амьдралаар амьдраад,
Миний хүсээгүй бүхнийг хийгээд,
Миний үйлдэл бүрийг хянах
Миний биш бие минь,
Миний биш тархи минь
Би хаа нэгтээ байна уу?

Сэтгэл хөдлөл шавхагддаг уу? Уурлах, баярлах, гомдох зүйлсийг хангалттай ихээр үзсэний дараа юунд ч сэтгэл хөдлөхөө больж, бүгд л байдаг л зүйл шиг санагдаж, сэтгэл хөлдүү төлөвт шилждэг үү? Үхмэл ч юмуу? Хэрвээ сэтгэл үхмэл байдалд орчихвол хайрлаж ч бас чадахаа болино гэсэн үг үү? Тэгээд бас, тэр эргэн сэргэх чадвартай юу? "Үхчихсэн" шүү дээ. Хөлдсөн бол гэсэж болох л юм. Гэхдээ хөлдсөн хүнийг гэсгээсэн ч амь ордоггүй л дээ. Яахав, сэтгэл жаахан ялгаатай байж болох. Гэхдээ нэгэнт хөлдсөн, үхсэн бол ахин амилах шаардлага байдаг ч юмуу. Ахин үхэхийн төлөө амь орохыг хүсэх хүн хэр олон? Зүгээр ч нэг үхчихгүй шүү дээ тэр нь бас. Маш ихээр шаналж, зовж байж үхэж, хөлдөж, мэдрэлээ алдана. Юуг ч мэдрэхээ болино гэж бодохоор тийм хэмжээнд хүртлээ мэдээж маш их зүйлийг амссан байх болно. Ахин тийм зүйлийг амсахын төлөө эргэн амилахыг хүсэх нь юу л бол. Гэвч сэтгэл гэдэг бидэнд захирагддаг эд биш юм даа. Айлын эрх хүүхэд шиг л. Бүгдийг өөрийнхөөрөө шийддэг, хэнээс ч зөвшөөрөл авдаггүй, хэний ч үгэнд ордоггүй. Тэр хэрээрээ магадгүй алддаг, алдахынхаа хэрээр "бусдаасаа" илүү ихээр шаналж, илүү эрт "үхдэг" байх. "Санаа сууна" гэж ярьдаг. Тэр нь магадгүй, хэтэрхий их химлэгдсэн сэтгэл өөрөө өөрийгөө хамгаалах хаалт босгож байгаа нь тэр байх. Арай ч үхчихээгүй, хөлдчихөөгүй. Жижигхэн ч гэсэн оршсоор байдаг. Гэхдээ тэр болгонд ил гараад байхааргүйгээр. Гэхдээ ихэнх нь ийм хамгаалалт босгож чадалгүйгээр үхэцгээдэг байх. Эсвэл, зарим нь хамгаалалт босгох хүч ч үгүй байдаг байх. Шаналаад л, мартаж инээгээд л, дахин шаналаад л, дахин мартаад л байдаг сэтгэлийн тухайд бол мэдэхгүй юм. Ямар нэг зүйлийг богинохон хугацаанд хэт хурцаар мэдрээд, бас л богинохон хугацаанд эдгэрчихдэг юм болов уу? Хөнгөмсөг гэх юмуу, мэдэхгүй байна. Харин зарим сэтгэл аймшигтай хүчтэй. Тэд хөлдөхийг, өөрийнхөө үйрч унахыг харахыг хүсдэггүй. Тэд зүгээр л өөртэйгээ цуг бүгдийг аваад явчихдаг. Харин хүмүүс тэднийг "сэтгэлийн тэнхээгүй" гэж дүгнэж үлддэг. 
Илбийн юм шиг
Ингээд л мартагдчих байсан байтлаа
Тамын юм шиг
Тийм олон шөнүүдээр зовоох,

Сэтгэлд хэзээ ч байгаагүй юм шиг
Сүүдэр үгүй одчих байсан байтлаа
Зүрхнээс хэзээ ч салахгүй юм шиг
Зуу зуун өдрүүдээр өвтгөх,

Шидийн юм шиг
Ширгээд л дуусчих байсан байтлаа
Үлгэрийн юм шиг
Үүрд үргэлжлэх хоногуудаар шаналгах
Хэрэг байсан уу?




Хэн ч мөнхөд дуурсагдан үлдэхгүй. Хэн ч. "Мөнх" гэх ойлголт ч угаас үгүй. Хэн нэгэн "агуу" хүн нь яахав "хэсэг хугацаанд" яригдах л байх. Гэхдээ үнэндээ бол бүгд л мартагдана. Тусмаа жирийн хүмүүс илүү амархан, хурдан. Тийм атал хүмүүс бараг бүгд мартагдахаас айдаг. Оршин байсныхаа ямар нэгэн ул мөрийг үлдээхийн төлөө улайрдаг. Магад энэний нэг төрөл нь үр хүүхдээ үлдээх байж болох. Яагаад хүмүүс мартагдахаас айдаг вэ? Тэд энд төрөөд, тэгээд үхснийг нь хэн нэгэн яагаад санаж байх ёстой гэж боддог вэ? Хэн нэгэн өөрийг нь дурсахгүй бол өөрийгөө утга учиргүй амьдарсан гэж бодохоос айгаад уу? Эсвэл зүгээр л хэнд ч дуурсагдахааргүй "дэмий" амьдарсан гэж бодохоос айсандаа юу? Цаг нөхцөөсөн маягаар? Хүн ер нь хэнд зориулж амьдардаг юм бэ? Бусдад таатай бодол, дурсамж үлдээхийн төлөө юу эсвэл өөрийнхөө төлөө юу? Тэгэнгүүт, бас нэг юм, хүн ерөөсөө ч өөрийнхөө хүслээр төрдөггүй, тэр хүнийг эцэг эх нь бий болгодог. Эцэг эх гэх тэр хүмүүсийн л сонголтоор төрсөн. Тэд хүсээгүй бол "чи" өдийд зүгээр л хэдэн хэрчим мах болчихсон хогийн саванд хэвтэж байгаа. Тэгэхээр өөрийн үзэл бодлоос гадна бас тэр хүмүүсийнхийг бодолцох, хүндлэх хэрэгтэй болно. Тэгээд ийм тэнэг замаар ирсэн амьдралдаа "Би өөрийнхөөрө амьдармаар байна" гэж ная хашгир. Эсвэл "Би өөрийнхөөрөө үхмээр байна!" ч юмуу. Бүгд чамайг буруутгаж чичилнэ. Тийн тэххх ..,
Үзэн ядагдахаар
Үнэд хүрэх хүн
Үлдсэнгүй.


Бүр хар багаасаа найзалсан 3 найз байдаг юм надад. СГ, Н, СС гурав. Гэхдээ уулзаагүй бараг арав гаран жил болж байна л даа. Зүүдэнд орж ирдэг найзууд голцуу л энэ гурав байдаг юм, сонин.

Би СС найзтайгаа явж байгаад толгой өвдөөд, нэг эм  авч уугаад, тэрэндээ мансуураад, бараг газар мөлхөж барин гэртээ орж ирэв ээ. Тэгсэн тэр нь хууль бус мансууруулах эм байсан болж таараад, тэрнийг нь СГ-н гэрийнхэн мэдчихсэн, намайг цагдаад өгнө гэж манай гэрт орж ирж манай гэрийнхэнийг дарамтлаад. Мөнгө л нэхээд байгаа бололтой. Би ч эхэндээ мангар онгироо байлаа, зүгээр л нэг эмийн сангаас авч уусан эм, яав л гэж энээ тэрээ гээл. Тэгсэн СГ-н аав нь "Тэр эмийг чамд Бат-Үүл авч өгөө биз дээ. Чи өөрөө яаж тийм үнэтэй авч чаддаг юм" энээ тэрээ болоод явчихдын. Тэгсэн л гэнэт миний мансуурахаас өмнөх явдлууд санаанд ороод л, би нээрэн Бат-Үүлээр тэр эмийг авхуулсанаа санаж энэ тэр. Хажуугийн өрөөнд босс ирчихсэн намайг дуудаад "Бат-Үүл энэ тэр гэж худлаа биз дээ?" гээл. Би ч муухай царайлаал, үнээн нтр. Тэгсэн би ер нь л юу юугүй баригдаад, ачигдаад шорон шаахнээ. Ээж хөөрхий минь "Зугтаа!" гээл нүдээрээ дохиод байхын. Эгч тэгсэн намайг харж байснаа "Чи яг одоо өмссөн хувцастайгаа гараад явбал амьдарч чадах уу?" л гэж байна. Би ч эргэлзээд. Тэгсэн эгч, "За за, хамт зугтъя, миний ээмэг зүүлтийг зараад ядаж хэд хонож болох байх" гэж байна. Тэгээл эгчтэй гараал зугтлаа. Тэгсэн СГ-н аав, ээж бид хоёрыг харчихдын. Бид 2 ч дүүрсэн хэрэг гээл улаан цайм зугтлаа. Тэгтэл гэрийн хажуугийн машин зам яагаадчийн битүү машинтай болчихсон, нэг тэнэг машин нь ирээд эгчийг мөргөчихлөө. Гар нь нэх эвгүй болчихсон. Тулчихсан л юмуу даа. Би гарыг нь барьж байгаад нэг хүчтэй дараад гайгүй болгоод, хажуугаар нь эгчийг өрөвдөөд болдоггүй. Надаас болж ингэх ч гэж дээ гэж бодоол. Тэгээл эгчийг дагуулаал зугтаалаа. Тэгсэн СГ-ийн гэрийнхэн бөөнөөрөө явж байгаад бид хоёрыг харчихав. Би ч эгчийг үлдээгээл, амиа бодоорой, би ч өнгөрч ухааны юм яриал цаашаа зугтлаа. Тэгсэн Н найз маань гэнэт гараад ирэхийн. "Уучлаарай, чамд хэн эм авч өгсөн тухай би ярьцымаа" энээ тэрээ. Би ч гайхаал, чамд тэгэх ямар хэрэг байсан юм бэ дээ гээл. Тэгтэл СГ найз маань бас гараад ирэхийн. "Манай гэрийнхэнийг уучлаарай. Бид нар гадаад руу гарах гээд, тэгтэл мөнгө хэрэг болоод. Тэгээд чамаар далимдуулж мөнгө олох гээд" гээл бас нэг хачин юм яриал. Миний зугтах ч гэж, байшингаа тойрч явсаар л таарсан. Байшингийн урд талд гараад ирсэн, баахан хүн цуглачихсан, намайг л барих гээд байгаа юм байлгүй. Тэгсэн гэнэт байрны урд байдаг тоглоомын талбай дээрх шавар баавгай амь ороод, надад зам заагаад. Ийшээ яв гээд. Тэрийг нь дагаж явахаар байрны цонхны нимгэхээн төмөр тавцангаар явахгүй бол болохгүй. Тэгээл тэрэн дээр нь хальтиран барин явлаа. Тэгсэн нөгөө баавгай чинь нэг газар очиж зогссоноо, гараа сугандаа хавчуулаад толгой дохиод зогсчдийн. Би тэнд нь очихоороо үхэх юм байна гэдгээ ойлгож байгаан. Тэгээл "Зааз, тэртэй тэргүй үхэж л дуусахаас хойш" гээл унаж үхэх тавцан дээрээ гишгэвээ. Тэгээд үхчих шиг болсон. Тэгснээ гэнэт байрныхаа нөгөө талаас ирж явахын. Хажууд алхаж байсан нэг бацаан надад утасны чихэвч өгөөд, танихгүй хүн шиг зөрөөд өнгөрөхийн. Нөгөөхийг нь аваад зүүсэн чинь СГ-ийн аав ярьж байна. "Бид нар тоглож байсымаа. Дүү чинь яагаад итгээд үхчихвээ" гээл. Эгчтэй ярих гээл андуураад надтай ярьсан болтой. Би ч гайхаал, ууг нь би чинь үхчихээ биз дээ гэж бодоол. Тэгэс гээл сэрсэн дээ чааваас :ъ

Үгс унана
Амнаас чинь
Хэтэрхий хямдхан.
Сэтгэл мэдэрнэ
Үгсийг чинь
Хэтэрхий хүндээр.
Би яг яах гээд "энд" байгаад байна вэ? Надад ямар ч зорилго байдаггүй. Зорилготой болох хүсэл ч байдаггүй. Энэ амьдралдаа ямар нэг зүйлийг бүтээгээд үлдээе гэсэн бодол ч байдаггүй. Тийм байж яг яах гээд энд байгаад байна вэ? Би хэний ч төлөө амьдардаггүй, бас хэн ч миний төлөө амьдардаггүй. Угаасаа ч хэн нэгнийг над шиг хүний төлөө амьдраасай гэж хүсэхгүй. Тэгсэн атал байгаад л байх. Төрчихсөн болохоор л тэр үү? Төрчихсөн учраас л энэ насыг дуустал нь байх ёстой юу? Энэ тэгээд өнөөх "зүүний үзүүрт будаа тогтох" аз нь уу? Эсвэл эз нь үү? Миний хохь юмуу? Тийм бол би энд ингэтлээ хохирол үзэх юуг хэзээ, хаана хийчихээ вэ? Урд, хойд насанд итгэдэггүй. Үйлийн үрд ч тэр. Гэсэн ч миний итгэл үнэмшил энд хамаагүй юмуу? Ер надад юу хамаатай юм бэ? Бас, надаас хамаарах юу байгаа юм бэ энд? "Ирээдүй" гэдэг үг надад харь алсад санагддаг. Би тэнд хүрээ ч үү, үгүй ч үү. Тодорхойгүй цаг хугацааны төлөө тодорхой цаг хугацааг энд барах шаардлага байх? Тусмаа утга үгүйгээр. Би байлаа гээд энэ хорвоод нэг ч ашигтай, тустай, хэрэгтэй зүйлийг хийхгүй. Харин байхгүй байвал, хаа очиж хэдэн хүний санаа амарч болох.  Энд надад хийх юм даанч нэг алга, тийм атал яагаад намайг энд аваад ирсэн юм мэдэхгүй. Магадгүй алдаа байсан байх. Би "хэн нэгний" "алдаа" ..,
Тэр эмзэгхэн утас. Гэхдээ гаднаасаа тэгж харагддаггүй. Түүнийг гаднаас нь харахад тэр бахим бүдүүн болоод хэзээ ч тасрахгүй хатуу харагддаг. Гэвч үнэндээ тэр үл ялиг хүчтэйхэн хүрэх төдийд тасарчихдаг утас. Түүнд маш олон залгаас бий хэдий ч тэр түүнийгээ бусдаас нуудаг. Тиймдээ ч түүн шиг бахим бүдүүн утсанд залгаас байна гэж хэний ч толгойд ордоггүй. Бусдад эмзэг байдлаа харуулахгүй гэж бодсондоо ч юмуу, эсвэл, бусдын өөрийнх нь тухай бодлыг хэвээр үлдээхийг хүссэндээ ч юмуу тэр байнга л залгаасуудаа нууж явдаг. Юу юугүй тасарчихаад л эргүүлээд залгуулахад ямар аймшигтай өвддөгийг нь мэдэх хүнгүй. Тэр заримдаа өвдөлтийг мэдрэхээс айсандаа, энэ чигтээ үүрд тасарчихаасай ч гэж боддог. Гэсэн ч чаддаггүй. Хэчнээн өвдөж байсан ч залгуулаад, цааш явах ёстойг тэр ойлгодог, бас түүнийг хүссэн хүсээгүй хэн нэгэн эргүүлээд залгачихдаг. Хамгийн гомдолтой нь, түүнийг өөрийг нь хүсээгүй байхад залгачихсан хүмүүс ихэвчлэн түүнийг тасалдаг. Гэвч тэр яаж ч чадахгүй. Тэр чинь ердөө л нэг утас. 
Би хүнийг өнгөөр илэрхийлж чаддаг. Гэхдээ ганцхан түүнийг л чаддаггүй. Түүнийг тодорхойлж чадах өнгийг тэр өөрөө л зураг зурахдаа гаргаж чаддаг. Өөрийг нь илэрхийлэх өнгийг өөрөө л ..,
Унт даа чи минь, унт
Уйтгарт амьдралыг мартан
Уртын урт нойрондоо авт.
Аймшигт өвдөлтийг чи минь
Ахин мэдэрч чадахгүй,
Атгасан хутгаа би тавихгүй.
Хорвоод би
Харалган мэт алхана.
Хэтэрхий тод
Хараад эхэлчихвэл
Харамсах минь ихсэх юм шиг,
Харааны шилэнд тэгээд л дургүй.

Зүрхэнд чинь торнисон бяцхан шувуу
Зүгээ алдаад миний дотор орчихсон.
Хов хоосон харанхуй цээжинд
Харамсалтайгаар харангадаад үхчихсэн.
Юу ч ойлгохоо байсан, ерөөс ойлгох сонирхол ч төрөхөө байсан. Хөлдүү ертөнцөд хөлдүү амьдрах нь амар санагдах. Гэвч тэсэх үү? Тэсэх л байх л даа. Тэсэхгүй бол тэгээд л хайлаад л алга болно биз, их л бодож. Ууршчихаасай ер нь.
Намрыг хүлээнэ
Навч тасарч унахыг хүлээнэ.
Өвлийг хүлээнэ
Тасарч унасан намрын навч
Цасанд дарагдахыг хүлээнэ.
Хаврыг хүлээнэ
Цасанд дарагдсан намрын навч
Салхинд хийсэхийг хүлээнэ.
Зуныг хүлээнэ
Салхинд хийссэн навч үйрэн үгүйрэхийг хүлээнэ.
Хүлээнэ, навч шиг үйрэн үгүй болохоо
Хүлээнэ.
Хачин бяцхан хүсэл минь
Хажууд нурмайн сууна
Хэзээ ч биелэхгүйг нь өрөвдсөндөө
Хөнгөн санаа алдтал
Хийсээд явчихав салхинд нь.
Тарчлаант хар дарсан зүүднүүд дунд
Тайтгаруулж төрх чинь хааяа нэг үзэгддэг
Тэр л шөнүүдийн бодит мэт тусгал
Тэвчиж намайг энд үлдэхэд тусладаг.

Би төсөөлөлдөө догдолж байж болох. Гэвч гол нь догдлол. Тэр төсөөлөл байна уу, өөр ямар нэг зүйл байна уу надад хамаагүй. Ер нь мэдэхийг ч хүсэхгүй байна. Гол нь л, би догдолж байна. Энэ хуурамч байх эсэх нь хамаагүй. Хуурамч байсан ч яахав дээ, надад л ийм мэдрэмжийг төрүүлж чадаж байгаа бол. Үнэндээ, хуурамчаар ч болтугай ийм мэдрэмжийг хэсэгхэн зуур ч болтугай мэдэрч чадах хүн ховор байх. Товчхондоо, "Хайрт минь".
Сэтгэлд дурласан ганцаардал
Ганцаараа л баймаар,
Гэвч дурлачихсан.
Урт удаан амьдарснаар тэр хүн жаргалтай болох уу? Эсвэл, өөрсдийнхөө сэтгэл тайтгарлын төлөө хэн нэгнийг хажуудаа аль болох удаан хугацаанд байлгахын тулд тэгдэг юмуу? Хэн нэгэн өөрийнх нь нүдэнд харагдаад л явж байвал болоо, санаа амар. Харин тэр нүдэнд нь харагдаад явж байгаа золгүй амьтан жаргалтай байна уу, үгүй юу гэдэг ямар ч хамаагүй? Асар хувиа хичээлт. Тэгсэн атлаа амиа хорлосон хүнийг "хувиа хичээгч"-ээр нь хамгийн түрүүнд дуудна. "Үлдсэн хүмүүсээ бодсонгүй" бла бла бла. Утга учир нь хаанаа ч байдаг юм. Хэн нь ч үнэндээ хувиа хичээгч нь юм. Угтаа бол, бүгд л хувиа хичээгчид. Урт насалсан нь ч, богино насалсан нь ч. Ер нь насалсан л бол хувиа хичээгч болж таарна. Миний нэг аймар хайртай хүн байлаа гэж бодъё. Би тэрэнтэй байхдаа асар аз жаргалтай байдаг байг. Гэтэл тэрэнд маань амьд байгаа нь шаналан байвал яахав? Би л лав дуртайяа өөрийнхөө гараар алж өгч "тус" болно. Тэглээ гээд би аз жаргалаа алдах уу? Хэрвээ тийм л юм бол яах гэж "дурсамж" гэдэг зүйл байдаг юм? Эсвэл, аз жаргал гэдэг ганцхан зүйлээс л мэдэрч болдог эд юмуу? Бүр эсвэл, би өөрийнхөө "аз жаргал" гэдэг юмны төлөө тэр хүнийг энд шаналгаад л байлгаад байх ёстой юу? Тэрний шаналах надад хамаагүй, гол нь би л жаргалтай байх ёстой??? Эсвэл, би л ганцаараа "ийм" тэнэг юмуу .., 
Чи над дээр ирэхдээ
Юу авч ирсэн гээч.
Инээмсэглэл, догдлол, ичингүйрэл
Хүсэл, ирээдүй, хайр.

Чи надаас явахдаа
Юу үлдээсэн гээч.
Инээмсэглэл, догдлол, ичингүйрэл
Хүсэл, ирээдүй.
"Тавилангаа өөрөө зохионо гэж
Тэнэглэсээр яваад төгсөж байгаа чинь
Таалагдаж байна уу тэгээд?" гэж
Тавлангуй инээмсэглэхэд нь хариулсангүй.

"Хэнээр ч алдаагаа шүүлгэхгүй гэж
Хэгжүүрхсээр байгаад өнгөрч байгаа чинь
Хөгжилтэй байна уу тэгээд?" гэж
Хэрцгий мушийхад нь хариулсангүй.

"Зүгээр л минийхээр болно гэж
Зөрүүдлэсээр зүтгээд дуусаж байгаа чинь
Зугаатай байна уу тэгээд?" гэж
Зуунги асуухад нь хариулсангүй.

Өөртэй нь дуугарахаа болиод
Өчнөөн удаж байгаад
Өширхөн өвдсөөр байгаа
Өрөвдөлтэй амьдрал.

Нэг л орой
Миний үдшийн гуниглал зогсож,
Нэг л шөнө
Миний хар дарсан зүүд арилж,
Нэг л өглөө
Миний ганцаардлын ертөнц мөхөж,
Нэг л намар
Миний цаг хугацаа төгсөнө.