Би яг яах гээд "энд" байгаад байна вэ? Надад ямар ч зорилго байдаггүй. Зорилготой болох хүсэл ч байдаггүй. Энэ амьдралдаа ямар нэг зүйлийг бүтээгээд үлдээе гэсэн бодол ч байдаггүй. Тийм байж яг яах гээд энд байгаад байна вэ? Би хэний ч төлөө амьдардаггүй, бас хэн ч миний төлөө амьдардаггүй. Угаасаа ч хэн нэгнийг над шиг хүний төлөө амьдраасай гэж хүсэхгүй. Тэгсэн атал байгаад л байх. Төрчихсөн болохоор л тэр үү? Төрчихсөн учраас л энэ насыг дуустал нь байх ёстой юу? Энэ тэгээд өнөөх "зүүний үзүүрт будаа тогтох" аз нь уу? Эсвэл эз нь үү? Миний хохь юмуу? Тийм бол би энд ингэтлээ хохирол үзэх юуг хэзээ, хаана хийчихээ вэ? Урд, хойд насанд итгэдэггүй. Үйлийн үрд ч тэр. Гэсэн ч миний итгэл үнэмшил энд хамаагүй юмуу? Ер надад юу хамаатай юм бэ? Бас, надаас хамаарах юу байгаа юм бэ энд? "Ирээдүй" гэдэг үг надад харь алсад санагддаг. Би тэнд хүрээ ч үү, үгүй ч үү. Тодорхойгүй цаг хугацааны төлөө тодорхой цаг хугацааг энд барах шаардлага байх? Тусмаа утга үгүйгээр. Би байлаа гээд энэ хорвоод нэг ч ашигтай, тустай, хэрэгтэй зүйлийг хийхгүй. Харин байхгүй байвал, хаа очиж хэдэн хүний санаа амарч болох.  Энд надад хийх юм даанч нэг алга, тийм атал яагаад намайг энд аваад ирсэн юм мэдэхгүй. Магадгүй алдаа байсан байх. Би "хэн нэгний" "алдаа" ..,
Тэр эмзэгхэн утас. Гэхдээ гаднаасаа тэгж харагддаггүй. Түүнийг гаднаас нь харахад тэр бахим бүдүүн болоод хэзээ ч тасрахгүй хатуу харагддаг. Гэвч үнэндээ тэр үл ялиг хүчтэйхэн хүрэх төдийд тасарчихдаг утас. Түүнд маш олон залгаас бий хэдий ч тэр түүнийгээ бусдаас нуудаг. Тиймдээ ч түүн шиг бахим бүдүүн утсанд залгаас байна гэж хэний ч толгойд ордоггүй. Бусдад эмзэг байдлаа харуулахгүй гэж бодсондоо ч юмуу, эсвэл, бусдын өөрийнх нь тухай бодлыг хэвээр үлдээхийг хүссэндээ ч юмуу тэр байнга л залгаасуудаа нууж явдаг. Юу юугүй тасарчихаад л эргүүлээд залгуулахад ямар аймшигтай өвддөгийг нь мэдэх хүнгүй. Тэр заримдаа өвдөлтийг мэдрэхээс айсандаа, энэ чигтээ үүрд тасарчихаасай ч гэж боддог. Гэсэн ч чаддаггүй. Хэчнээн өвдөж байсан ч залгуулаад, цааш явах ёстойг тэр ойлгодог, бас түүнийг хүссэн хүсээгүй хэн нэгэн эргүүлээд залгачихдаг. Хамгийн гомдолтой нь, түүнийг өөрийг нь хүсээгүй байхад залгачихсан хүмүүс ихэвчлэн түүнийг тасалдаг. Гэвч тэр яаж ч чадахгүй. Тэр чинь ердөө л нэг утас. 
Би хүнийг өнгөөр илэрхийлж чаддаг. Гэхдээ ганцхан түүнийг л чаддаггүй. Түүнийг тодорхойлж чадах өнгийг тэр өөрөө л зураг зурахдаа гаргаж чаддаг. Өөрийг нь илэрхийлэх өнгийг өөрөө л ..,