Сэтгэл хөдлөл шавхагддаг уу? Уурлах, баярлах, гомдох зүйлсийг хангалттай ихээр үзсэний дараа юунд ч сэтгэл хөдлөхөө больж, бүгд л байдаг л зүйл шиг санагдаж, сэтгэл хөлдүү төлөвт шилждэг үү? Үхмэл ч юмуу? Хэрвээ сэтгэл үхмэл байдалд орчихвол хайрлаж ч бас чадахаа болино гэсэн үг үү? Тэгээд бас, тэр эргэн сэргэх чадвартай юу? "Үхчихсэн" шүү дээ. Хөлдсөн бол гэсэж болох л юм. Гэхдээ хөлдсөн хүнийг гэсгээсэн ч амь ордоггүй л дээ. Яахав, сэтгэл жаахан ялгаатай байж болох. Гэхдээ нэгэнт хөлдсөн, үхсэн бол ахин амилах шаардлага байдаг ч юмуу. Ахин үхэхийн төлөө амь орохыг хүсэх хүн хэр олон? Зүгээр ч нэг үхчихгүй шүү дээ тэр нь бас. Маш ихээр шаналж, зовж байж үхэж, хөлдөж, мэдрэлээ алдана. Юуг ч мэдрэхээ болино гэж бодохоор тийм хэмжээнд хүртлээ мэдээж маш их зүйлийг амссан байх болно. Ахин тийм зүйлийг амсахын төлөө эргэн амилахыг хүсэх нь юу л бол. Гэвч сэтгэл гэдэг бидэнд захирагддаг эд биш юм даа. Айлын эрх хүүхэд шиг л. Бүгдийг өөрийнхөөрөө шийддэг, хэнээс ч зөвшөөрөл авдаггүй, хэний ч үгэнд ордоггүй. Тэр хэрээрээ магадгүй алддаг, алдахынхаа хэрээр "бусдаасаа" илүү ихээр шаналж, илүү эрт "үхдэг" байх. "Санаа сууна" гэж ярьдаг. Тэр нь магадгүй, хэтэрхий их химлэгдсэн сэтгэл өөрөө өөрийгөө хамгаалах хаалт босгож байгаа нь тэр байх. Арай ч үхчихээгүй, хөлдчихөөгүй. Жижигхэн ч гэсэн оршсоор байдаг. Гэхдээ тэр болгонд ил гараад байхааргүйгээр. Гэхдээ ихэнх нь ийм хамгаалалт босгож чадалгүйгээр үхэцгээдэг байх. Эсвэл, зарим нь хамгаалалт босгох хүч ч үгүй байдаг байх. Шаналаад л, мартаж инээгээд л, дахин шаналаад л, дахин мартаад л байдаг сэтгэлийн тухайд бол мэдэхгүй юм. Ямар нэг зүйлийг богинохон хугацаанд хэт хурцаар мэдрээд, бас л богинохон хугацаанд эдгэрчихдэг юм болов уу? Хөнгөмсөг гэх юмуу, мэдэхгүй байна. Харин зарим сэтгэл аймшигтай хүчтэй. Тэд хөлдөхийг, өөрийнхөө үйрч унахыг харахыг хүсдэггүй. Тэд зүгээр л өөртэйгээ цуг бүгдийг аваад явчихдаг. Харин хүмүүс тэднийг "сэтгэлийн тэнхээгүй" гэж дүгнэж үлддэг. 
Илбийн юм шиг
Ингээд л мартагдчих байсан байтлаа
Тамын юм шиг
Тийм олон шөнүүдээр зовоох,

Сэтгэлд хэзээ ч байгаагүй юм шиг
Сүүдэр үгүй одчих байсан байтлаа
Зүрхнээс хэзээ ч салахгүй юм шиг
Зуу зуун өдрүүдээр өвтгөх,

Шидийн юм шиг
Ширгээд л дуусчих байсан байтлаа
Үлгэрийн юм шиг
Үүрд үргэлжлэх хоногуудаар шаналгах
Хэрэг байсан уу?