Бүсгүй үхэхээр сэтгэл шулуудан гүүрний ирмэг дээр зогсоно. Амьдрал түүнд хэтэрхий шударга бус хандсан санагдана. Тэр хүссэндээ махлаг, царай муутай төрөөгүй. Ер нь тэр өөрөө хүссэндээ ч төрөөгүй. Хайрласан залуу нь түүнийг царайлаг, гуалиг хүүхнээр солихыг ч тэр хүсээгүй. Тэр царайлаг, гуалиг хүүхэн ч хүссэндээ төрөөгүй байх. Бас тэр хүүхэн хүссэндээ ч түүний найз залуугийн хайрыг татаагүй байх. "Байх" л даа. Тэр зүгээр л хэнд ч бурууг өгөхгүй юмсан гэсэндээ л ингэж өөрийгөө тайвшруулж байгаа юм. Бас, түүний хайрт залуу гуалиг, царайлаг хүүхэнд дуртай төрсөн нь ч тэрний буруу биш байх. Ерөөс тэр хэнд ч бурууг өгөх гээгүй. Хорвоод хэн ч өөрийн гэсэн сонголт хийж чаддаггүй, цаанаас өгөгдсөн өгөгдлийн л дагуу явдаг болохоор. Ямар ч сонголтгүй хорвоод, ямар ч сонголтгүйгээр төрчихсөн тэр ядаж өөрийн үхлээ өөрөө сонгохоор зогсож байгаа нь энэ.

Гэнэт хажууд нь хэн нэгэн ханиах сонсогдов. 40 гаран насны эрэгтэй түүний дэргэд юу ч болоогүй шинжтэй тамхи татан зогсоно. Бүсгүй эхлээд түүнийг, өөрийг нь үсрэхийг болиулахаар ирлээ гэж бодов. Гэвч тэр эрийн царайд ямар ч тийм төрх харагдсангүй. Тэр зүгээр л тамхилж байв. 

- Үсрэх гэж байна уу?
- ...
- Эндээс маш олон хүн үсэрч байхыг би харсан.
- ...
- Гэхдээ тэдний хэн нь ч чам шиг ийм залуухан, бас ийм царайлаг байгаагүй.
- ...
- Ихэнх нь бүтэлгүй хайр дурлалаас болж эндээс үсэрдэг. Гэхдээ чам шиг ийм сайхан бүсгүйд тийм асуудал тохиолдсон гэж бодохгүй байна.
- ...
- Хэрвээ чи хэн нэг залуугаас болж эндээс явах гэж байгаа бол би чиний өмнөөс харамсаж байна. Учир нь, чам шиг ийм бүсгүйг гомдоож чадаж байгаа эрэгтэй бол эргүү амьтан байхаас гарцаагүй. Тийм эргүү эрийн төлөө чи бүхэл бүтэн амиа золиход бэлэн байна гэжүү? Ердөө л нэг тэнэгийн төлөө шүү дээ?
- ...
- Унаж явахдаа харамсав даа гэж би эндээс үсрэх гэж байгаа хүн болгонд хэлдэг. Хэн ч чиний амины үнэд хүрэх үнэтэй байдаггүй юм шүү.

Татаж дууссан тамхиа хаячихаад өнөөх эр цааш эргэв. Бүсгүй хэсэг эргэлзэн зогсоод, гүүрний хашлагыг даван зам руу гарав. Харин өнөөх эр түүний хөлийн чимээ холдон одохыг чагнан зогсож байгаад, халааснаасаа хараагүй хүний таягаа гарган сунгаад, газар тогшин одов.
Надад хайрлагдах амархан,
Цагаа олсон ганц үг л хангалттай.
Надад мартагдах бүр амархан,
Цагаа олоогүй ганц авиа л хангалттай.
Түүнийг төрөхөд өмнө нь хоёр л сонголт байв:
-          - Мөнх амьдрахгүй, тэр хугацаандаа хайр сэтгэлээс болж сэтгэлийн шаналанд унаж явсаар үхэх.
-         -  Мөнх амьдарна, гэхдээ хайр сэтгэл гээчийг хэзээ ч мэдрэхгүй.

“Мэдээж” тэр 2 дахийг сонгосон. Тэгээд төд удалгүй амиа хорлохыг хүссэн. Гэвч тэр “мөнхийн” амьдралыг сонгочихсон.
Миний биш амьдралаар амьдраад,
Миний хүсээгүй бүхнийг хийгээд,
Миний үйлдэл бүрийг хянах
Миний биш бие минь,
Миний биш тархи минь
Би хаа нэгтээ байна уу?